Алтай Таван богд уул нь Монгол орны хамгийн баруун захад, нийслэл Улаанбаатар хотоос 1821 км, Баян-Өлгий аймгийн төв Өлгий хотоос 185 км зайд тус аймгийн Цэнгэл, Улаанхус сумын заагт оршдог. Монгол Улсын хилийн нэгдүгээр багана мөн Алтай Таван богдод байрласан байдаг. Монгол Улсад "Богд" гэсэн үг орсон 280 гаруй уул байдаг бөгөөд хамгийн өндөр нь Алтай Таван богд /4374м/ юм. Энэхүү уул нь Хүйтэн, Найрамдал, Бүргэд, Малчин, Өлгий зэрэг олон мөнх цаст оргилуудтай.
Потанины мөсөн гол, Александрын мөсөн гол, Гранегийн мөсөн гол зэрэг манай орны хамгийн том гурван мөсөн гол тэнд оршдог. Эдгээрийн хамгийн том нь Потанины мөсөн гол бөгөөд 20 км урт юм. Уулын хар хүрэн хөрс, нуга намгийн хөрс зонхилохоос гадна хад асга ихтэй. Монголын Улаан номонд бүртгэгдсэн ирвэс, халиу, алтайн аргаль, янгир, халиун буга бий. Нуур ус цөөрөм голуудад нь ус намгийн шувууд ихээр цугладаг. Уул хад ой модоор нь махчин шувууд болох ёл, тас, бүргэд, сар, шонхор шувууд байхаас гадна алтайн хойлог, өгөөлэй шулганаа, борцгор хотон, гангар хун, хар өрөвтас, итэлгэн цахлай, хээрийн галуу зэрэг нэн ховор шувууд тохиолддог. Голуудаар нь монгол хадран, алтайн сугас, нохой сугас гэдэг гурван зүйлийн загас маш элбэг байдаг.
Мөн хад чулуун дээр нь сүг зургууд, элдэв тамга тэмдэг, үсэг зурлага элбэг байдаг. Эдгээр нь 2500-3000 жилийн өмнөх түүх соёлын өв юм. Алтайн нурууны буган хөшөө нь Хангайн нурууны буган хөшөөнөөс ялгарах зүйл байдаг бөгөөд бугын оронд адууг зурсан байдаг. Мөн сэлэм зурсан байх бөгөөд хөшөөний нүүрэн талын дээд өнцөгт том нар, жижиг сар, заримдаа нарыг харвасан сум сийлсэн байдаг. Тус цогцолбор газарт эртний болон Хүннү, Түрэг, Уйгар, Монголын эзэнт гүрний үед хамаарах цаг үе нь нарийн сайн тогтоогдоогүй булш бунхан их байдаг. Могойт, Онхотын хөндийд 30 гаруй хүн чулуутай булш байдаг бөгөөд Хотон нуурын орчимд хоёр хүн чулуутай, дүрс хэлбэр нь маш сонирхолтой булш бунхан байдаг.
Баян-Өлгий аймагт ирсэн жуулчдын ихэнхи нь Алтай Таван богд уулыг зорьдог. Тухайлбал, 2018 онд 3000 орчим жуулчин тус уулыг үзэж сонирхохоор Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газрын захиргаанаас зөвшөөрөл авсан байна. Тус ууланд жилийн аль ч улиралд авиралт хийж болох ч 7-9 дүгээр сард цаг агаар хамгийн тохиромжтой байдаг гэж мэргэжлийн хүмүүс үздэг. Гэхдээ Алтай Таван Богд уулын орчимд цаг агаар их тогтворгүй бөгөөд нэг өдөрт л жилийн дөрвөн улирлыг үзэж болдог. Уулын эргэн тойронд жуулчны бааз, зочид буудал байхгүй бөгөөд зөвхөн майханд, эсвэл нутгийн иргэдийн гэрт /өдөрт нэг хүн 20000-30000 төгрөг/ хонож болдог.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 181 тоот зарлигаар дээрх уулыг төрийн тахилгатай уул хайрхны жагсаалтад оруулж, тэнгэрийг тайх ёслолыг таван жилд нэг удаа зохион байгуулж байхаар заасан юм. Улмаар анхны төрийн ёслолыг 2014 оны долоодугаар сарын 3-ны өдөр зохион байгуулж, тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй төр засгийн төлөөлөгчид оролцож байв. Харин хоёр дахь удаагийн ёслолыг ирэх наймдугаар сарын 3-ны өдөр зохион байгуулах юм.