Хархорин, Өвөрхангай

Эрдэнэ зуу хийд

Хархорин хотын туурин дээр үлдсэн чулуун ханыг зөөж авчраад одоогийн Эрдэнэзуу хийдийг босгосон түүхтэй.

 Анх 1580 онд Автай сайн хаан, дүү Түмэнхэн ноёнтой хамт III Далай ламтай уулзаж, түүний зөвлөсний дагуу Хархорум хотын нэгэн хуучин сүм болох Тахай балгасан дахь сүмийг сэргээснээр суурь нь тавигджээ. Ийнхүү 1586-1674 онд Гурван зуу сүм, Ригсүм Гомбо сүмүүдийг, 1701-1705 онд Очирдарь сүм, Авид сүм, Их суварганы чуулбаруудыг, 1771-1792 онд Цогчин их дуган, Лаврин сүмүүдийг тус тус бариулжээ.

 1802-1813 онд ноёд тайж, лам хувраг, сүсэгтэн ардын хөрөнгөөр өмнө барьсан суваргуудын завсар хооронд 56 суварга нэмж хэрмэн ханыг барьж дуусгасан байна. Өдгөө хийдийг тойрон хүрээлэх 108 суварга бүхий хэрмэн хашаа нь хааш хаашаа 420м юм.

 Мөн 1782 онд 50 хувраг сурагчтайгаар Бодь мөрийн сургуулийг байгуулжээ. Монголын ноёд, язгууртнууд хэрмийн дотор өөрийн дугантай байх нь нэр төрийн хэрэг гэж үздэг байсан учраас Түшээт ханы болон ноён Цэвээнжавын дуган, Очирдарийн дуган гэх мэт олон сүм дуган баригдан 1792 он гэхэд 62 сүм, 500-аад барилга байшинтай, 10 мянган ламтай болж өргөжсөн байна.

 Өдгөө 18 сүм дуган үлдсэн бөгөөд одоо тус хийдэд анхны барилгуудаас Гурванзуугийн сүмүүд, Зуугийн сүм, Их суварга, Сэрүүн Лаврин бий. Хийдийн хашаан дотор Хархорум хотын тууринаас олдсон чулуун хөшөөнүүд үлджээ. Түүний ард 1675 онд Түвдийн Далай ламд зориулан босгосон Далай ламын сүм байх бөгөөд Махгал бурхны 13 нагтан дүр, Далай ламын хувилсан 6 дүр, Өндөр гэгээн Занабазар нарын дүрүүдийг дэлгэн үзүүлжээ. Гадна хоёр талд Хүрдэн сүм байрладаг.

 Эдгээр сүмүүдийн ард тоосгоор барьсан хэрмэн хашаанд хоёр бунхан бий.
Нэгийг нь Автай сайн хаанд, нөгөөг нь түүний хүү Түшээт хан Гомбодоржийн шарилд зориулжээ.
Хоёр бунхны ард талд Гурван зуугийн сүмүүд бий. Нэг ч хадаас оруулалгүй модон дээр зааж зангидан хийсэн бөгөөд давхар хана бүхий бүтэцтэй юм. Энэ нь нэгдүгээрт халуун хүйтнийг тусгаарлах, хоёрдугаарт гороо мөргөл үйлдэх зориулалттай аж.

 Эрдэнэзуу хийдийн сүм дуганууд XVII зууны үеийн Монголын уран барималч, зураач, дархчуудын хийсэн алдарт сайхан бүтээлүүд гар зураг, хээ угалз, сийлбэр, баримал, цутгамал бурхад, суварга, тогоо, сангийн бойпор, сав суулга, хонх, очир, ганжир, үнэт чулуун чимэгтэй хорол мандал, цамын баг, хувцас зэрэг соёл урлагийн үнэт өвийг хадгалсаар иржээ.

Эрдэнэ зуу хийд

Яагаад очих ёстой вэ?

Монголын хамгийн эртний хийд

Улаанбаатар

363 km

Эрдэнэ зуу хийд

Боломжит унаа

Алхалт

472440

Автомашин

5 цаг

Галт тэрэг

-

Онгоц

-