Монголын түүх

Монголын түүх нь монголчуудын нүүдэл ба суурьшлын түүхтэй салшгүй холбоотой. Өнөөгийн Монгол Улсын нутаг дэвсгэрт хүн суурьшсан цагаас эхлэн нүүдлийн соёл иргэншилтэйгээр Хүннү, Сяньби гүрнүүд байгуулагдаж байсан.

Монгол Улсын түүхэн дэх хамгийн хүчирхэг байсан үе бол Чингис хаан 1206 онд Монголын овог, аймгуудыг нэгтгэн Монголын эзэнт гүрнийг байгуулж, Ази, Европын улсуудыг цэргийн хүчээр байлдан дагуулсан явдал юм.

Чингис хааны залгамжлагчид XIII зуун хүртэл газар нутгаа тэлж, хүн төрөлхтний түүхэнд хамгийн өргөн уудам газарт буюу Вьетнамаас зүүн Европ хүртэлх олон улсад ноёрхлоо тогтоож чадсан юм. Монголын морьтон цэргүүдийн хөл хүрсэн газруудыг дурьдвал баруун Европ, Пиренейн хойг, зүүн тийш Филиппиний арлууд, Японы арлууд, хойд зүгт Камчаткын хойг гэх мэт газрууд багтана. Энэ үел нийт 40,000,000 км² илүү газар нутгийг эзэлж байсан юм.

Монголчууд хэдий дэлхийн түүхэнд тодрон гарч, Ази-Европын хооронд урьд нь байгаагүй соёл, худалдааг шинэ түвшинд авчирсан ч нүүдлийн амьдралтай хэвээр байсан. Ийнхүү 1262 онд Их Монгол улс задран Алтан Ордны улс, Ил Хаант Улс, Цагаадайн улс, Юань улс нэртэйгээр дөрвөн том гүрэнд хуваагдан, XVI зууныг хүртэл өөр хоорондоо дайтах буюу нэгдсээр ирэв. Яг энэ үедээ монголчууд буддын шашны нөлөөнд автаж эхэлсэн ба түүнээс хойш удалгүй буюу XVII зууны сүүлээс эхлэн XVIII зууны дунд гэхэд ихэнх монголчууд Чин улсад дагаар орсон байна. ХХ зууны эхэн үе буюу 1911 онд Чин улсыг задран унах үед Хятад, Төвд, Монгол гурван улс нэгэн зэрэг тусгаар тогтносон юм. Энэ үед монголчууд эхлээд Хаант Оросын тусламжтайгаар Олноо Өргөгдсөн Монгол Улсыг, дараа нь 1924 онд Зөвлөлт Холбоот Улсын тусламжтайгаар Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг байгуулсан нь дэлхийн түүхэнд хоёр дахь социалист улс болсон юм. Үүний дараа Зөвлөлт улстай мөр зэрэгцэн улсаа хөгжүүлж чаджээ. Зүүн Европт гарсан 1989 оны хувьсгалууд ч Монгол улсад төрийн өөрчлөлтийг авчирсан ба үр дүнд нь 1992 онд ардчилсан дэглэмтэй үндсэн хуульт, чөлөөт зах зээлийн нийгэмд шилжин орсон юм.

Хүннү улс

Модун шаньюй

МЭӨ 318 онд Хүннү нар бусад улстай нийлэн Цинь улс руу довтолсон гэж түүхийн сударт хамгийн анх дурдагджээ. МЭӨ 209 онд Модун өөрийн эцэг Түмэн шаньюйг хороож, шаньюйгийн суудлыг булаан авсан. Шаньюй гэдэг нь эртний хятад хэлээр “өргөн уудам” гэсэн утгыг илэрхийлэх боловч монгол хэлний “сайн” гэдэг үгийн эртний дуудлага гэж судлаачид үздэг ажээ. Модун нүүдэлчдийн нийгмийн ба цэрэг, засаг захиргааны шинэчлэл хийж аравт, зуут, мянгат, түмтийн тогтолцооноос бүрдсэн хүчирхэг армийг Төв Азийн түүхэнд анх удаа байгуулсан.

Модун шаньюй газар нутгаа гурван хэсэгт хуваан төвийн хэсгийг өөрөө, баруун зүүн хэсгээ шаталсан зэрэг дэв бүхий түшмэл буюу Зүүн сэцэн ван, Зүүн гули ван, Баруун сэцэн ван, Баруун гули ван гэх дөрвөн вангаар удирдуулсан нь “дөрвөн эвэртэн ван” хэмээгдэж байв. Эдгээр дөрвөн ван нь хамгийн том хэмжээний засаг захиргааны нэгж болдог бөгөөд вангууд нь тусгай орд өргөөтэй, хувьдаа газар эзэмшдэг, шаньюйгаас шууд томилогддог, түм гаруй морин цэргийг захирдаг байжээ. Хүннү улс 1.5 сая хүн амтай байсан хэмээн судлаачид таамагладаг.

Хүннү улс 30 орчим томоохон аян дайн хийж, ойр холын олон улсыг захиргаандаа оруулж нүүдэлчдийн түүхэн дэхь анхны эзэнт гүрнийг байгуулсан юм.

Модун шаньюй “Хүннү улсын төр оршино гэдэг нь газар нутаг эзэмшинэ гэсэн үг. Газар бол улсын үндэс юм” гэж тунхаглажээ. МЭӨ 198 онд Хүннү улс, Хань улс хоёр өөрсдийн нутаг дэвсгэрийн хил хязгаарыг тогтоон гэрээ байгуулсан бөгөөд эл гэрээнд, “Цагаан хэрэмнээс хойшхи нутагт буй нум сумтангууд шаньюйн цаазыг дагасугай, цагаан хэрэмнээс дотогшийг Хань улсын хаан захирсугай” гэж заагаад анх удаа хилийн асуудлыг тусгасан газрын зургийг цагаан даавуу болон муутуу цаасан дээр өнгө ялган зуржээ. Хань улс 50 гаруй жилийн турш Хүннү улсын шаньюйд алт, магнаг торго, тариа будаагаар алба барьжээ.

Түүнээс гадна Дундад Азийн ихэнхи орнуудыг эрхшээлдээ оруулан амуу будаа зэргээр алба авч, дотооддоо татварын журам тогтоож, хүн малын тооллого явуулдаг байснаас үзвэл тухайн үедээ бичиг үсэг хэрэглэдэг байсныг гэрчилж байна. Түшмэдүүд нь бичгийн хэрэгсэлтэй байсныг нотлох олдвор Булган аймгийн Бүрэгхангай сумын Их Дулаан гэдэг газраас олджээ.

Хүннү улсын нийслэл Луут хот Орхон голын хөндий буюу одоогийн Архангай аймгийн Хашаат сумын нутагт хөшөө цайдам хавиар байжээ. Хүннү нар нүүдлийн мал аж ахуйг голлон эрхэлж, бага зэрэг газар тариалан хөгжүүлж, ан гөрөө хийн, гар урлалын үйлдвэрлэл явуулан амьдардаг байжээ. Мөн бөө мөргөл шүтдэг байсан бөгөөд 5 ба 9 дүгээр сард тэнгэрт тахилга үйлдэж, шаньюй нь өглөө бүр ургах наранд, орой бүр саранд мөргөдөг байжээ.

Их Монгол улс

Чингис хаан (1162-1227)

Чингис хаан эхлээд овог аймгаа, дараа нь угсаатнаа, эцэст нь дайснуудаа цэгцэлсэн бөгөөд ямар ч хаадын түүхийг судалж үзэхэд "Чингис хааны түүх шиг агуу түүх өөр хаана ч байхгүй бөгөөд дэлхий ертөнцийг эргүүлсэн түүх байсан" хэмээн ихэнх судлаачид санал нэгддэг билээ.

Монголчуудын өвөг Бөрт чоно, Гуа маралын XII үеийн удам Алунгуа хатан бөгөөд Алунгуа хатны X үе нь Тэмүжин юм. 1189 онд Тэмүжинг Хамаг Монголын хаан ширээнд залж, “Чингис” хэмээх цол олгожээ. Чингис гэдэг нь “тэнгис” гэсэн үгнээс гаралтай бөгөөд хааны эрх мэдэл далай шиг хязгааргүй гэсэн утгатай хэмээн тайлбарладаг. Чингис хаан бүх монголыг нэгтгэхийн тулд 16 жилийг зориулж, эцэст нь 1206 онд Их Монгол Улсыг байгуулан Онон мөрний хөвөөнд хааны ордыг босгож, мянган азаргын цагаан сүүлээр есөн манжлагат цагаан сүлд, дөрвөн манжлагат хар сүлдийг Улсын сүлд болгон тахисан.

Түүнчлэн төрийн хэрэгт оролцох эрх бүхий дөрвөн хатан, тэдгээр хатдаас төрсөн хүүхдүүд, үр удмыг нь түүхэнд Алтан ураг гэж нэрлэдэг. Чингис хааны их хатан Бөртэ Үжин дөрвөн хүү, гурван охин төрүүлсэн бөгөөд тэдгээр дөрвөн хүү, тэдний үр ач нар нь 1634 он хүртэл Монголын эзэнт гүрнийг захирсан юм.

Чингис хаан харьяат улс орнуудаас алба татвар авах, мэдээ хүргэж ирдэг тогтсон нэг газартай байх шаардлагын улмаас Аураг горхины дэргэд хэд хэдэн орд өргөө бариулсан нь Хөдөө арал хэмээн түүхэнд үлдсэн бөгөөд 1197 оноос эхлэн цэргийн хүрээ байгуулж, гадаадын элч төлөөлөгчдийг оруулахгүй байх зарлиг гаргаж чандлан нууцалжээ. Харилцаа холбоог сайжруулахын тулд өртөөний албыг бий болгож цэргийн албаны оронд өртөөний албанд зүтгэхийг эрчүүдэд зөвшөөрдөг байв.

Чингис хаан уйгур эрдэмтнийг урьж хөвгүүддээ хичээл заалгаж, уйгур үсгийг монгол үндэстний албан ёсны бичиг болгох шийдвэр гаргасан юм. Тухайн үед хятад дүрс үсгийг авч хэрэглэдэг улсууд олон байсан боловч Чингис хаан уйгур үсгийг авсан нь монголын соёлыг хятадад уусгахгүй ангид байлгах гэсэн холч бодлого юм хэмээн судлаачид дүгнэдэг. Түүний зарлигдсан Их засаг хууль нь тухайн үеийн ИХ Монгол Улсын Үндсэн хууль төдийгүй Төв Азийн анхны үндсэн хууль байсан гэж үздэг. Их засаг хуулийн гол үзэл баримтлал нь хаан буюу төрийн эрхийг дээдлэх, хаан буюу төрд үнэнч байх, хуулийг сахин биелүүлэх, эзэн харьяат албатын ёсыг чанд сахин мөрдөх, ахмадыг хүндэтгэх, нялхсыг асрах, эе эвийг сахих зэрэг асуудалд чиглэж байжээ.

Чингис хаан эзэлсэн улс орныхоо сайныг нь улам сайжруулан батжуулж, мууг нь хаядаг сэтгэлгээний хувьд тун мэргэн хүн байжээ. Найман аймгаас олзолсон тамганы түшмэл Тататунгад даалган 1206 онд Төрийн хасбуу тамгыг хийлгэжээ. Гадаад улс орнуудаас тухайн үед нэрд гарсан эрдэм номтой хүмүүсийг ирүүлж төрөл бүрийн сэдвээр ярилцдаг байжээ. Тухайлбал, Чан Чун Бумбо хэмээх өвгөн хуврагийг олон удаа залж байж уулзсан байдаг. Тийм ч учраас Чингис хаан насан өөд болохоосоо 8, 9 жилийн өмнө бүх зүйлийг шийдэж, өөрөөс нь хойш улс орноо хэрхэн, яаж авч явах талаар урьдчилан заавар зөвлөлгөөгөө үлдээж чадсан юм.

Чингис хаан одоогийн Хэнтий аймагт Онон голын ойролцоо Дэлүүн болдог хэмээх газар 1162 онд төрөөд, 44 насандаа Их Монгол Улсыг байгуулж, 1227 онд 65 насандаа таалал төгссөн. Чингис хааныг нас барахад эх нутгийнх нь хөрсөнд нутаглуулж, нойрсож буй газрыг хамруулан хэдэн зуун км газрыг дархалжээ. Эл бүсийг дайчин овог сахин хамгаалж Алтан ургийнхнаас өөр хэнийг ч нэвтрүүлэхгүйгээр Их хориг хэмээн нэрлэснээс хойш 800 жил хаалттай байв. Тэр газарт ан ав хийх, мод огтлох, чулуу хөдөлгөх, жим мөр гаргах, байшин сүм барих, аялал хийх, зам гүүр тавих зэрэг бүгд хориотой байв.

XX зууны дунд үеэс зөвлөлтийн цэргийн анги хажууд нь байрлах болсон үеэс Их хориг нэрийг нь өөрчилж “дархан цаазат газар” болгожээ. Мөн эл үеэс эхлэн анчид, жуулчид хөлхөж, захаар нь малчид бууж, хүмүүс Чингис хааны онгоныг хайх болжээ.

Өгэдэй хаан (1186-1241)

1225 он гэхэд Хорезм улс мөхөж, Чингис хаан хөвгүүдээ дагуулан Эрчис мөрний эхэнд очиж Их хуралдай хийж эзлэгдсэн газар нутгийг дөрвөн хүүдээ хуваан өгчээ. Зүчид Туркестаныг, Цагаадайд Мавереннахрыг, Өгэдэйд Долоон мөрөн ба Зүүнгарыг, Тулуйд Монголын нутгийг тус тус эзэмшил болгон өгчээ.

Чингис хаан Хорезмээс буцаж ирснийхээ дараа Их хуралдайг хуралдуулж өөрийн хаан ширээнд хэнийг суулгах талаар хэлэлцүүлэхэд хуралдайн үеэр Зүчээс эхэлж үг асууснаас болж Цагаадай эсэргүүцэн Зүчийг элдвээр хэлэн зөрчилджээ. Чингис хаан санаа ихэд зовнин Зүчи, Цагаадай хоёрыг зэмлэсний дараа тэд үг нийлж Өгэдэйг өргөмжлөхөөр шийджээ.

Чингис хааны гуравдугаар хүү Өгэдэй 1186-1241 оны хооронд амьдарч байсан бөгөөд 1211 онд Чингис хаан Алтан улсыг довтлохдоо Өгэдэйг дагуулан явснаар цэрэг дайны амьдрал нь эхэлжээ. Хорезмын дайнд Зүчи, Цагаадай, Боорчи нарын хамтаар Ургенч хотыг эзлэхээр явж, 1221 онд түүний хүү Желал Ад Динийг Инд голын эрэг дээр бут цохиж, 1225 онд Тангудыг байлдан эзлэх дайнд ч мөн адил оролцжээ. 1227 онд Чингис хааныг нас барсны дараа хоёр жил Тулуй төрийн хэргийг удирдаж байгаад 1229 онд Их хуралдай зарлан хуралдуулж, хааны гэрээслэл ёсоор Өгэдэйг их сууринд суулгажээ. Тус хуралдайгаар Зүрчидийн Алтан улсыг бүрэн мөхөөх, Монголын элчийг алсан Коре улсыг дайлаар мордох, Хорезмын үлдэгдлийг устгах, Кипчакуудыг номхотгон баруун хилийн байдлыг түвшитгэх зорилтуудыг тавьжээ.

Өгэдэй хаан 13 жил төрийн эрх барихдаа хууль дүрмүүдийг Их хуралдайгаар хэлэлцүүлж, төрийн зохион байгуулалтыг сайжруулж, улсын өртөөг өргөтгөн байгуулж, албан татварын тухай хууль гаргаж, дорно зүг рүү хийсэн дайныг үргэлжлүүлж 1234 онд Алтан улсыг эзэлж, Коре буюу одоогийн Солонгосыг байлдан дагуулжээ.

Түүнчлэн 1235 онд улсын нийслэл Хархорумыг өргөтгөн байгуулж, хааны ордонг байгуулан, худаг ус гаргах ажлыг эрчимтэй зохион байгуулжээ. Өгэдэй хааны үед төмөрлөгийн үйлдвэрлэл хөгжиж, дайн байлдааны зэр зэвсэг ихээр үйлдвэрлэжээ.

1235 онд зарлиг гаргаж ууган ах Зүчийн хүү Батад баруун тийш хийх аян дайныг даалгав. Өгэдэй хааны зарлигийн дагуу эхэлсэн газар нутгаа тэлэх аян дайн нь монголчуудын түүхэнд Ази, Европын өргөн уудам газар нутгийг хамарсан их дайн байсан бөгөөд эл дайныг хоёр тийш нэгэн зэрэг хийсэн анхны улс болоод зогсохгүй аль алинд нь ялалт байгуулсан юм.

Гүюг хаан (1206-1248)

1206 онд Өгэдэй хааны зургаадугаар хатан болох Дөргөнэ (Туракина хатан хэмээн тэмдэглэгдсэн нь олон байдаг)-ээс төржээ. 1241 онд Өгэдэй хаан тэнгэрт халихад Гүюг өрнө зүгт байлдаж байсан бөгөөд түүний эх Дөргөнэ хатан 1245 онд тал бүрт элч илгээн Их хуралдайг хуралдуулж Гүюгийг Монголын эзэнт гүрний хаанд өргөмжилжээ.

1246 оны хоёрдугаар сарын 23-нд Ариун Ромын эзэнт улсын төрийн элч П.Карпини лам анх удаа Монголд ирж, Ромын пап ламын захиаг Гүюг хаанд уламжилжээ. Эл захианд өөрийнхөө шашинд дагаар орохыг шаардсан байдаг. Үүнд илт эгдүүцсэн Гүюг хаан “Харин чи өөрөө ирж хамаг эд агуурсааа тушаа. Эс тэгвээс хэрхэхийг бид төдийгүй мөнх хөх тэнгэр мэднэ” гэсэн байна.

Элч П.Карпини холын газраас буцаж ирээд Монгол гэдэг үндэстний тухай христийн шашинтангуудад анх удаа мэдээлэл өгчээ. Тухайн үед Плано Карпинигийн тэмдэглэл азийн талаарх анхны үнэн бодит, дэлгэрэнгүй дүрслэл учраас монголчуудын хувьд үнэтэй эх сурвалжуудын нэг болсон юм. Тэрбээр “Дэлхий дээр биднээс бусад бүх улс орныг Монгол гэдэг улс эзлээд дуусжээ. Хэзээ мөдгүй наашаа довтлоход тун ойртож байна” гэж айлдсан гэдэг.

Гүюг хаанаас Ромын Пап лам IV Инночинцод илгээсэн захидал эдүгээ Ватиканы нууц архивт байдаг бөгөөд хуулбар нь Монголын Үндэсний Музейд хадгалагдаж байна. Тэрбээр эл захидлыг 1246 оны 11 дүгээр сарын 3-нд илгээсэн ба Монголын эзэнт гүрэнд дагаар орохыг зарлиг болгожээ. Захидалд дарсан тамга нь Чингис хааны түшмэл Тататунгагаар хийлгэсэн Их Монгол Улсын тамганы төсөөллийг бий болгосон бөгөөд эл бичээсэнд “Мөнх тэнгэрийн хүчин доор Их монгол улсын далай хааны зарлиг ил булха иргэн дор хүрвээс Биширтүгэй, аюутугай” хэмээн бичсэн байдаг. Уг захидал нь Монголын дипломат харилцааны хамгийн эртний бичиг баримтанд зүй ёсоор тооцогддог. Гүюг хаан 1248 онд Самаркандын орчимд таалал төгсжээ.

Мөнх хаан (1209-1259)

Тэрээр 1208 оны шар луу жил Тулуйн хатан Сорхагтани бэхигээс төржээ. Мөнхийг өлгийтэй байхад нь Тэв тэнгэр зайран Тулуйн гэрт очиж бүтэн өдөр бөөлсний эцэст “..хожмын нэгэн өдөр энэ хөвгүүн мөнх тэнгэр шиг эрхэм хүндтэй нэгэн болно. Мөнх гэсэн нэрийг өг” хэмээжээ. Мөнх багаасаа тоо, геометрийн ухаанд дур сонирхолтой байснаас гадна 4-5 гадаад хэл мэддэг байжээ. Мөнхийг Монгол үндэстний дотроос гарсан хамгийн анхны тоо-геометрийн эрдэмтэн гэж ном сударт бичсэн байдаг.

1251 онд Хөдөө аралд Монголын их хаан ширээнд суусны дараа албан татварын журмыг цэгцэлж 100 хүртэлх малаас татвар авахгүйгээр тогтоож, 100 толгой тутамд нэг толгой малыг татварт авах журам гаргажээ. Малын тоо толгойг арвижуулан өсгөх, говь нутгийг усжуулах, хүн ардыг суурьшуулах, малын бэлчээрийг хамгаалах, эзлэгдсэн орноос сайн үүлдрийн мал авчирч малын удмын санг сайжруулах, өсгөж үржүүлэхэд онцгой анхаарал тавьжээ. Ялангуяа адууны тоо толгойд байнга хяналт тавьж байсан аж. Өгэдэй хааны байгуулсан өртөөг улам сайжруулан журамлаж, шашны олон урсгалыг дэмжих бодлого явуулжээ. Тэрээр Хархорум хотод дөрвөн төрлийн ундаа гоожих мөнгөн мод сүндэрлүүлсэн нь хол ойрын зочдын анхаарлыг татдаг байжээ.

1259 онд халуун хижиг өвчин дэгдэж Мөнх хаан удалгүй эл өвчнөөр нас баржээ. Түүний шарилыг Бурхан Халдун ууланд Чингис хаан, Тулуй нарын шарилтай зэрэгцүүлэн оршуулсан гэдэг.

Хубилай хаан (1215-1294)

Дорно дахиныг эзэгнэсэн Монголын Юань гүрнийг төдийгүй Ази Европыг дамнан тогтож байсан Алтан ордон улс, Цагаадайн улсыг захирч хамгийн өргөн уудам нутагт ноёрхлоо тогтоосон дэлхийн хэмжээний хаан гэж үздэг. Монгол төрийн зүтгэлтнээс төрт ёсны сэтгэлгээнд Хубилай хаан шиг том байр эзэлсэн хүн гараагүй билээ. Мөн тэрээр өнөөгийн нэгдмэл том Хятад улс байгуулагдах үндсийг тавьсан гэж үзэж болно. Өрнө дорныг холбосон Торгоны замын аюулгүй байдлыг хангаж дэлхийн худалдааны замыг нээсэн гавьяатай хүн юм.

Хубилай хаан дэлхий дахинд анх удаа хууль ёсны баталгаатай цаасан мөнгийг гүйлгээнд гаргасан юм. Цаасан мөнгө нь Евроазийн өргөн уудам нутаг дэвсгэрт үйлчилж байлаа. Тухайн үед Хубилай хааны гаргасан цаасан мөнгө өнөөгийн америк доллар шиг хэмжээнд үйлчилж байжээ.

Түүнчлэн дэлхийд анх удаа усан флот байгуулж, далайн аялал хөгжих их суурийг тавьсан. Тэрээр том усан флот байгуулаад Япон руу довтолж байсан. Номхон далайн арлуудад байгаа жижиг орнууд тухайлбал, Индонез руу довтолж нөлөөндөө оруулж байв. Дэлхийн улс орнуудыг өрнө, дорно хэмээх нэг сүлжээнд багтаан дэлхий дахины хөгжлийг түргэтгэж хөгжлийн шинэ шатанд гаргасан эртний нүүдэлчид, эртний Хятадын суурьшмал иргэд хоёрын зааг дээр очиж байж энэ том гүрнийг удирдсан хүн юм.

Хубилай хааны талаар нэрт аялагч Марко Поло өгүүлэхдээ "Тэрээр намхан ч биш, өндөр ч биш, царай зүс түвшин сайхан, маш ухаалаг хүн байсан. Гэхдээ насныхаа сүүл үед жаахан бор дарсанд дуртай болсон. Их саруул ухаантай, юмыг алс хол харж чаддаг, ер нь бол маш төвшин хүн" гэж бичжээ. Монголын хаад албан ёсны дөрвөн том хатантай байсан бөгөөд Хубилай хаан ч мөн адил тийм байсан. Мөн татвар эмс байсан бөгөөд тэднээс эрэгтэй хүүхэд төрвөл дагавар хатан болж дэвшиж байсан аж. Хубилай хаан 25 хүүтэй байсан бөгөөд хөвгүүд нь муж, хотын дарга нар байсан тухай тэмдэглэн үлдээсэн байдаг.

play