15 мин унших · Aug 10, 2022
Манж чин гүрний үед зарим ач холбогдол өндөртэй бөгөөд ордны стандартыг хангасан сүм хийдэд эзэн хааны зарлигаар нэр соёрхдог байжээ. Монгол Улсын үндэсний төв архивт монголын сүм хийдүүдэд нэр шагнасан тухай эзэн хааны зарлигууд олон бий. Орд өргөө болон сүм хийдийн цогцолборын урд талд “Халх хаалга” хэмээх нэгэн сонирхолтой байгууламжийг бүтээдэг байжээ. Зөвхөн нэг өндөр язгуурыг төдийгүй эзэн хааны өргөө лүгээ адил хүндэтгэлийг илэрхийлж мөрдүүлдэг тул үүнийг байгуулах зөвшөөрлийг маш цөөнхөн сүм хийдэд мөн л эзэн хааны зарлигаар олгож байсан байна. Тэгэхээр энэ байгууламж нь тусгай бэлэг тэмдэг буюу эзэн хаан лугаа адил өндөр язгуур, эрх мэдэл, нэр хүндийн илэрхийллийн үүргийг гүйцэтгэж байсан гэсэн үг юм. Архивын баримтуудад тэмдэглэснээр энэхүү Халх хаалганы дэргэд үүнээс цааш хэн боловч морь, сүйх тэрэг тэргүүтнээс бууж хүндэтгэл төгөлдөр нэвтэрнэ гэсэн утгатай бичиг бүхий тусгай байгууламжийг бас босгодог байсан байна.
Энэхүү халх хаалгыг XVIII-XX эхэн үе хүртэлх хугацаанд бүхэл Манж чин гүрний нутаг дэвсгэр даяарх чухал ач холбогдол бүхий сүм хийдийг эзэн хааны ивгээл хамгаалалтанд авсныг илэрхийлэн байгуулдаг байжээ. Манж чин гүрэн задран унасны дараа болон соёлын хувьсгалын үеэр Хятад дахь бараг бүх халх хаалгуудыг эвдэж устгасан ба хожим жуулчдыг татах зорилгоор дахин шинээр барьж байгуулсан гэдэг яриа байдаг. Гэхдээ үүнийг хятад дахь эх сурвалжуудаас нь тодруулж үзэх нь зохистой биз ээ.
Өнөөгийн Монгол улсад зөвхөн гурван сүм хийдийн цогцолборт ийм халх хаалга хадгалагдан үлдсэн байдаг. Тэдгээр нь:
Амарбаясгалан хийд
Манж чин гүрний эзэн хааны зарлигаар 1727-1736 оны хооронд хоёр ч эзэн хааны номын багш байсан Өндөр гэгээн Занабазарт зориулан бариулсан
Богд хааны ордон музейн цогцолбор
Монголын сүүлчийн эзэн хаан, VIII Богд Жавзандамба хутагтын номын үйл болон лаврангийн зориулалтаар 1893-1903 оны хооронд барьж байгуулсан
Чойжин ламын сүм музей
Төрийн сахиус буулгах үйлэнд зориулж 1904-1908 оны хооронд барьж байгуулсан
Амарбаясгалант хийдийн халх хаалга
Амарбаясгалант хийдийн халх хаалга нь их, бага ямар нэг хэмжээгээр хоорондоо төстэй нөгөө хоёр сүмийн хаалганаас ихээхэн ялгаатай байдаг. Хэмжээний хувьд 16 метр урт, 0.95 метр өргөнтэй. Судлаач З.Оюунбилэгийн тайлбарласнаар бол урд нүүрний төв хэсэг дэх дугуй хэлбэрт чимгийн дотор ваартай бүрэн дэлгэрсэн дөрвөн цэцэг, дээр нь шувуу болон хараахан дэлгэрээгүй дөрвөн цэцэг, ваарны доод хэсэгт хоёр цэцэг, навч сэлтийг үзэмжтэйгээр товойлгож өнгө ялган пааландсан аж. Бүрэн дэлгэрсэн цэцэгс нь дөрвөн улирлыг, харин тэдгээрийн үндсийг агуулах ваар нь амар амгаланг тус тус бэлгэднэ. Ингээд бүхэлдээ энэ нь хамаг амьтан дөрвөн улирлын туршид амар амгалан ажрахыг бэлгэдэж байгаа болно. Цаашлаад дэлбээлж буй цэцэгс нь одоо цагийг, харин хараахан дэлбээлээгүй цэцэгс нь үл тасрах үр хойчсийг тус тус бэлгэднэ. Хаалганы арын төв хэсэгт арга хийгээд билиг болон эргэсэн хоёр лууг дүрсэлсэн байна.
Богд Хааны Ордон Музейн халх хаалга
Богд хааны ордон музей цогцолбор дахь Халх хаалганы арын төв хэсэгт зөвхөн хааны хэрэглэдэг бэлгэдэл болох таван хумст таван лууг сүн далай болон сүмбэр уулын дээгүүр эрчилдүүлэн дүүлүүлэн дүрсэлсэн байдаг. Харамсалтай нь бусад чухал бэлгэдлийн ингэмэл дүр дүрслэлүүд нь бидний цаг үе хүртэл хадгалагдан ирээгүй байна. Тэдгээр нь луу нь таван хумстайг эс тооцвол их, бага ямар нэг хэмжээгээр Чойжин ламын сүм музейн цогцолборынхтой адил байсан болов уу.
Чойжин ламын сүм Музейн халх хаалга
Чойжин ламын сүм музейн халх хаалга нь чимэглэлийн урлаг ба өнгө үзэмжээрээ бусдаас ялгарахуйц өвөрмөц бөгөөд бидний цаг үед бүрэн бүтэн хадгалагдан ирснээрээ онцлог. Сүм цогцолборын өмнө этгээдэд сүндэрлэх энэхүү хаалга нь есөн метр өндөр, арван зургаан метр урттай. Сүм музейн халх хаалганы урд талын гол хавтсанд гарди шувууг хос арслангийн хамт, баруун зүүн хавтсанд дорно дахины соёлд түгээмэл “Үхэшгүй мөнх найман сахиус”-ыг дүрсэлжээ. Хойд талын хавтсанд хурмаст тэнгэрийн эзэн дөрвөн хумст таван луу, амьтан бүхэн өвчин зовлонгүй, баяр баясгалантай урт удаан наслахыг бэлгэддэг урт наст зургааг ингэмэл баримлын аргаар бүтээсэн байдаг. Халх хаалгыг өлзийт найман тахил, бадам цэцгийн гоёмсог хээгээр хүрээлүүлэн чимэглэжээ. Үүнчлэн дээврийн хэсэгт нь уснаас хамгаалагч Чүсрүнгийн тэргүүн зэргийг урласан байна.
Ерөнхийдөө, Богд хааны ордон болон Чойжин ламын сүм цогцолборын халх хаалгуудыг анх бүтээхдээ бурхан шашны сүм хийдийн барилгад байвал зохих бүх бэлгэ бэлгэдлийг цогцлоон чимэглэсэн ажээ. Халх хаалга нь дөрвөн зүг, найман зовхисын элдэв аюул, саад тотгор, муу хорлол бүхнийг төв үүдээр оруулахгүй хамгаалах утга бэлгэдэлтэй. Үүнээс гадна, дээр дурдсанчлан, энэ нь практик амьдрал дээр эзэн хааны соёрхол ивгээлийг хүртсэн сүм хийдийн өмнө зэрэг дэв, эрх ямбаны илэрхийлэл болон сүндэрлэх нэрийн хуудасны үүргийг гүйцэтгэдэг байжээ.
Түүнчлэн эртний аялгуу хэмээх 2006 оны зурагт эмэгтэй хөгжимчдийг зохиомжилж, 2008 оны Алтан ордон бүтээлийн сэдвийг ордон дотор хөгжим сонсож буй дүрслэлээр зангидсан байдаг билээ. Хөгжмөөр зүйрлэл үүсгэн тэмдэгшүүлж зохиомжилдог нь бүхэлдээ Заяагийн ухамсарт үйл биш билээ. Хүн төрөлхтөн хөгжмийг оюун санаа, зүрх сэтгэлийн гүндүү мэдэрдэг шиг Заяа ч мөн адил хөгжмийг гүн гүнзгий хүлээн авч хариу үзүүлдэг.
Ч.Хатанбаатар
Чингис Хаан Өв Соёлын Хүрээлэнгийн судлаач