Шүтээн урлаг

3 мин унших · May 16, 2022

Art
Шүтээн урлаг

Эртний ном судруудад бурхан шүтээнийг бүтээх тиг (tangka)-ийг нарийн тогтоосон байдаг. Тиг бол бурхдын биеийн харьцаа, хэмжээг нарийвчлан заасан тоон утга юм. Гэтэл энэхүү хөдөлшгүй тогтоосон тигийн дагуу бүтээсэн бурхдыг харахад орон орны урлаачдын бүтээлүүд эрс ялгаатай байдаг. Монголын шүтээн урлал ч бусдаас цолгорох өвөрмөц онцлог, нарийн нандин дэг сургуультай билээ.

Тэр дундаа өнөөгийн шүтээн урлагийн эх үүслийг тавьсан Занабазарын (XVI зуун) бүтээлүүд онцгой. Түүний бүтээсэн бурхдаас монгол хүний дүр төрх, хэв намба тодорхой харагддаг. Эх хүний сэтгэл, монгол эмэгтэйн үзэсгэлэн гоог бурханчлан бүтээсэн хэмээн үздэг Ногоон Дарь Эх нь үүний бодит жишээ болно.

Буддын эрдэм мэдлэгийг их 5 ухаан, бага 5 ухаан хэмээн ангилдаг. Их 5 ухааны нэг нь урлахуй ухаан юм. Урлахуйн ухаан нь дотроо “Эгэл биеийн урлахуй ухаан”, “Эрхэм дээд биеийн урлахуй ухаан” хэмээн салбарладаг. “Эрхэм дээд биеийн урлахуй ухаан” нь бидний өгүүлэн буй шүтээн урлаг юм. Энэ нь дотроо “Лагшингийн шүтээн урлаг” буюу бурхны дүрийг бүтээх урлаг, “Зарлигийн шүтээн урлаг” буюу ном судар бүтээх урлаг, “Тааллын шүтээн урлаг” буюу барилга байгууламж, эд хэрэгсэл бүтээх урлаг хэмээн хуваагддаг.

Лагшингийн шүтээн урлагт тиг баримталдгийн учир нь элдэв бурхдын дүр бол хардаг ном ажээ. Шүтээнд гүн ухааны үндсэн ухагдахууныг билэгдлээр илэрхийлэн хураадаг. Номын утгыг санах, уялдаа холбоог нь ойлгоход зориулсан өнгө дүрснээс бүтсэн дохионы цогцолбор гэж хялбаршуулан тодорхойлж болно. Энгийн хүнд бурхан, эрдэмтэй хүнд утгын цогц учраас шүтээнд мөргөх нь эрдэм мэдлэгт мөргөж байгаа хүндэтгэл, бясалгалын эхэнд хийж буй зан үйл юм.

Зарлигийн шүтээн буюу номыг бүтээх урлаг маш эрхэм. Буддагийн дүрийг хэзээ ч номны дээр тавьдаггүй. Учир нь гүн ухааны жинхэнэ утга номонд байгаа учраас дээдлэн эрхэмлэдэг. Монголчууд номыг нандигнан шүтэж есөн эрдэнээр бүтээдэг. Ингэхдээ алт мөнгөн утсаар оёж хатгах, номын үсэг бүрийг эрдэнэсийн чулуу, үнэт металлаар хийх, үнэт метал дээр хөөмөлдөн алт мөнгөөр шармалдах, үнэт модоор сийлэх, эрдэнэсээр бэх хийж бичих зэрэг олон аргыг ашигласан байдаг. Мөн хуудсан дээр нь бурхны дүрийг хөөмөл ба цутгуурын аргаар бүтээж, эрдэнийн чулуугаар чимэглэсэн ном олон.

Ном хэвлэхэд мод, төмөр, зэс зэрэг олон төрлийн барыг ашиглаж байсан. Мөн уран бичлэгийн аргуудыг ч ашиглаж байв. 5,5см тэг дөрвөлжин цаасан дээр бүтэн ном багтаан бичиж, томруулдаг шилээр л уншиж болох жижиг ном бүтээсэн нь Монгол улсын төв номын санд хадгалагдаж байна.

Тааллын шүтээн урлаг буюу барилга байгууламж барих урлаг ч өндөр хөгжиж байсан. Морьтон монголчуудын хот байгуулалтын түүх нь Хүннүгийн үеэс эхтэй. Өнөөг хүртэл мэдэгдээд байгаа хамгийн том буддын сүм Хар хорум хотод (XIII зуун) байсан нь археологийн судалгаагаар нотлогдсон. XVI зуунаас буддизм гурав дахь удаагаа хүчтэй дэлгэрэхэд олон тооны сүм хийдүүд байгуулагджээ.

Данзанравжаа хутагтын Говьд байгуулсан Дэлгэрэхийн хийд гэхэд төвлөрсөн халаалт, цэвэр бохир усны системтэй байв. Монгол сүмийн загварууд гэр хэлбэртэй, асар хэлбэртэй, суварга хэлбэртэй гээд олон янз байсны дээр чулуу, тоосго, мод гэх мэт төрөл бүрийн материалаар барьж байлаа. Томоохон хийдийн дэргэд ваар урлалын (ceramic), чулуу, тоосгоны үйлдвэрүүд ажиллаж, хийд болгонд өөрсдийн онцлогтой шүтээн урлагийн дэг сургуулиуд хөгжиж байв.

Харамсалтай нь, 1939 оны үед болсон хэлмэгдүүлэлтийн үеэр гадны тулгалт шахалтаар Монголд байсан 1000 орчим хийдийг газрын хөрснөөс арчиж, эрдэмт лам нарыг хороон устгаж, асар их өвийг үгүй хийсэн. Хамгийн бага хийд гэхэд 4-5 сүмтэй, олон тооны шүтээнтэй, номын сантай байжээ. Гэвч асар баялаг өв санг хүчээр устгаад ч арвин их өв үлддэг аж. Тэдгээр өвүүд нь Монголын шүтээн урлаг маш өндөр түвшинд хөгжсөний тодорхой баримт баталгаа болж байгаа юм.

1990 оноос монгол урчуудын хичээл зүтгэлээр шүтээн урлаг дахин цэцэглэн хөгжиж байна. Тэднээс бурханч лам Г.Пүрэвбатын үйл хэрэг онцгой байр эзэлнэ. Түүний байгуулсан MIBA сургууль өнөөг хүртэл 84 урлаачийг сурган төгсгөжээ.

Г.Пүрэвбат шавь нартайгаа наян тохой өндөр Мэгжид Жанрайсэг (Avolokiteshvara) бурхныг сэргээн босгоход гар бие оролцох (1996 он) зэргээр тус урлагийг хөгжүүлэх бодитой ажил олныг хийсэн. Тэдний судлан эмхтгэж буй номууд нь өнөөгийн шүтээн урлагийн тулгуур баримтлал болж байна.

Төв аймгийн Борнуур суманд босгосон Аглаг Бүтээлийн хийд нь гадаад дотоодын аялагчид, эргэлч мөргөлчдийн хөлийн газар болоод зогсохгүй Монголын шүтээн урлагийн хөгжлийг харуулсан томоохон цогцолбор болжээ.

Г.Батнасан