Монголын Микеланжело Занабазар

3 мин унших · May 26, 2022

Art
Монголын Микеланжело Занабазар

Флоренцод Микеланжело, Монголд Занабазар гэдэг суу билигт хүмүүс бүтээн туурвиж байсныг мэргэд хүлээн зөвшөөрдөг. Микеланжело Дэвидийг, харин Занабазар Ногоон дарь эхийг бүтээсэн юм.

Занабазар Монголд хэд хэдэн сүм хийд байгуулж, урлагийн олон арван бүтээл туурвисан уран бүтээлч байв. Тэрээр 1686 онд Соёмбо үсгийг зохиож, “Маань бүтээх арга”, “Жанлавцогзолын тайлбар” хэмээх бүтээлийг зохиохын зэрэгцээ Ногоон дарь эх, Цагаан дахь эх, язгуурын 5 бурхан, Долоон нандин, Ноёны шүтээний манал, Аюуш зэрэг бурхадыг бүтээсэн.

Занабазар шашны урлагийн дэг жаягийг монгол хүний дүрээр амилуулж, гоо сайхны төгс илэрхийллийг гаргаж, дэлхийд давтагдашгүй бүтээл туурвисан юм. Уран зураг, уран баримал, цутгамал, хөөмлийн олон шилдэг бүтээл нь өдгөө дэлхийн шилдэг музей, галерейн гол үзмэр болж, түмний мэлмийг мялааж байна.

Тухайлбал, Улаанбаатар хотын Богд Хааны Ордон музейд Ногоон дарь эх тэргүүтэй 21 дарь эх; Дүрслэх урлагийн музейд Цагаан дарь тэргүүтэй бурхад, Чойжин ламын сүм музейд Майдар тэргүүтэй бурхад заларч байна. Үзэмж төгс, утга төгөлдөр бүтээл гэдэг ямар байх ёстой вэ гэдгийг үзмэр тов тодорхой өгүүлнэ. Дашрамд дурдахад, Улаанбаатар хот дахь Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд түүний бүтээлийг сонирхох боломжтой.

Монголчууд Занабазарыг “Өндөр гэгээн” хэмээх хүндэтгэн нэрлэдэг. Уг нэр бол түүний оюун билгүүнийг биширч буй хүмүүсийн сүсэг бишрэлээс үүдэн гаргасан алдар юм. Гэхдээ Занабазар их нуруулаг, чацтай хүн байсан гэдэг. Үүнийг ч харгалзсан байж болох юм.

Занабазар хэмээх тэрхүү суу билиг төгөлдөр хүмүүн өдгөөгөөс 382 жилийн тэртээ Монгол нутаг: одоогийн Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын Мандай толгой буюу Тахилга хэмээх нэртэй газарт мэндэлжээ. Түүний эцэг Гомбодорж- Их эзэн Чингис хааны отгон хөвгүүн Тулуйн шууд угсааны язгууртан билээ. Тэр Чингис хааны алтан ургийн хүн, XVII зууны Монголын Буддын шашин, урлаг, соёл, улстөрийн нэрт зүтгэлтэн байлаа.

Буддын шашны “Гурван өндөрлөг” нь Далай лам, Банчин Богд, Жавзандамба хутаг гэдэг. Өнөөгийн байдлаар, Далай ламын XIV, Банчин ламын XI, Жавзандамба хутагтын IX дүр тодорчээ. Уг гурван “аварга”-ын нэг: Жавзандамба хутагтын Анхдугаар дүр нь Занабазар юм. Монголчууд Занабазарыг 1639 онд Их Монгол уулын өвөр Ширээт цагаан нуурт Төвдийн Жавзандарнатын 16 дахь дүр, Монголын шашны тэргүүн, Богд Жавзандамба хутагтын ширээнд залсан түүхтэй.

Богд Жавзандамба хутагтын ширээнд заларсан Занабазар хар балчираасаа Буддын шашны ном сургааль, зан үйлд суралцаж, шашны таван ухааныг заалган, эш онолын эрдмийг гаргуун эзэмшжээ. Буддын гүн ухаан, Энэтхэг, Төвдийн уламжлалт анагаах ухаан, одон зурхай судлалыг монгол газраа хөгжүүлэхэд ихэд анхаарсан байна. Ингэхдээ шууд хуулбарлахаас зайлсхийж, монголчуудын соёл, сэтгэлгээний онцлогт тулгуурлан Монгол Буддизм хөгжүүлэхийг зорьж байжээ.

Занабазар бол Монголын Буддын шашныг шинэчлэгч юм. Ийн хэлж буйн учир нь тэрээр Буддын шашныг Монгол үндэсний хэлбэрт оруулахын тулд лам хуврагуудын өвөл зуны малгайн загвар, хурал номын дэг жаяг, уншлагын ая дан зэрэгт өөрчлөлт оруулж, ерөөл, хурал майдар эргэх ёслолыг үүсгэн тогтоожээ. Ном судар зохиох, орчуулах, олшруулах, хэвлэх, барлах ажлыг эрхлэн, Буддын шашны их хөлгөн судар: Ганжуур судрыг залж, алт эрдэнэсээр бүтээлгэжээ. Мөн “Махагалын залбирал” хэмээх гүр дууны үг, аяыг зохиосон байна.

Өндөр гэгээн Занабазар дорно дахины барилгын хэв маягийг монголчуудын гэр сууцны үндэсний хэв маягтай сүлэлдүүлэн шинэчилж, хүрээ хийдийн уран барилгын хэв загварыг үүсгэсэн байна. Тэрбээр оролцсон салбар бүртээ шинэчлэл хийдэг, шинэчлэл хийхдээ монгол болгож шинэчилдэг сэтгэгч байв. Түүний бүтээсэн сүм хийдүүдээс хамгийн томоохон нь Хан Хэнтийн нуруунд орших Сарьдаг хийд буюу Рибогэжэйланганданшадублин хийд юм.

Энэ нь Өндөр гэгээний уран бүтээлийн нэгэн томоохон ордон байсныг тогтоосон судалгааны явцад язгуурын таван бурхад, асар том хэмжээтэй бурхдын шавар баримлын хэсэг, тал хэвэнд цутгасан бурхдын шавар дүр, уран нарийн хийцтэй барилгын чимэглэл, ялтсан хуяг, дуулга, илд, цахиур буу, цагаан шаазан цом, тахил шүншигийн холбогдолтой алт, мөнгө, эрдэнийн чулуун эдлэл гээд нийтдээ 1300 гаруй олдвор олжээ.

Өндөр гэгээн Занабазар нь шашнаас гадна улс төрийн үйл хэрэгт идэвхтэй оролцож байжээ. Түүний санаачилга оролцоотойгоор Оросын хаант улстай дипломат харилцаа тогтоохоор хэд хэдэн удаагийн элч томилсон байдаг. Сэлэнгэ зэрэг газар нутгийг Оросуудаас хамгаалж үлдэх гэсэн оролдлого гаргаж байв.

Тэрээр халх, ойрадын зөрчилдөөний улмаас өөрийн ард иргэдийг авч, 1691 онд Долоннуурт Манж Чин улсыг түших чуулган чуулснаар халхыг Манж нар эрхшээх үүд болсон юм. Түүний энэ шийдэл нь тодорхой цаг хугацааг хожих, хожмын учирч болох их аюулыг гэм хор багатай гэтэлгэх гэсэн далд санаа байсныг түүхийн баримт, түүний амьдрал гэрчилнэ.