Богд хааны ордон музей

3 мин унших · May 10, 2022

Culture
Богд хааны ордон музей

Улаанбаатар хотын орчин үеийн өндөр шилэн байшингуудын дунд тодрох ногоон дээвэрт сүм дуган хашаан дотроо нууцлагхан оршино. Энэ бол Монголын сүүлчийн хаан VIII Богдын Ногоон ордонд байрлах музейн цогцолбор юм. Богд Жавзандамба хутагтыг 1911 оны 12- р сарын 29-нд Монгол улсын шашин, төрийг хослон баригч түмэн наст богд хаанаар өргөмжилж, тэрээр үндэсний эрх чөлөөний хувьсгалыг шийдвэртэй дэмжигч, төр шашны нэрт удирдагч болон түүхэнд үлджээ. Тэрээр 1924 онд насан эцэслэтлээ хаан ширээнд суужээ.

Богд хаан энд 1911-1924 он хүртэл амьдарч байсан гэдэг. Монгол улсын хамгийн баялаг сан хөмрөг бүхий ууган музейн хаалгаар ороод л тэр үеийн түүх нүднээ амилах мэт гайхалтай мэдрэмж төрсөн.

Музей рүү ногоон ордны урд талд байрлах гурван асарт хаалгаар нэвтэрдэг. Уг асрын голын хаалгаар хаан хатан хоёр, хажуугийн хаалгаар шадар бараа бологсод нь орж ирдэг байжээ. Хорвоогийн сайн сайхан, зол жаргал бүхэн энэхүү хаалгаар орж ирэхийн бэлгэдэлтэй тул хаалт хавтасгүй ажээ. Гол хаалганы дээд талд, баясгалант есөн луу тойруулан чимсэн хөх модон самбар дээр “Бадаргуулт төрийн 33-р оны 3 сард”, зүүн талд нь “ VIII Жавзандамба хутагт”, гол дунд нь “Зарлигаар шагнасан” гэж монгол бичгээр бичжээ. Харин доохно талд нь “Сайныг цэнгэлдэн хүртээхүйеэ дуртай” хэмээн монгол, манж, төвд, хятад дөрвөн хэлээр алтан үсгээр бичсэн байв.

Асарт хаалгаар ороход Богд хааны зуны ордон угтах бөгөөд ордныг 1893-1903 онд бариулжээ. Ордны бүрэлдэхүүнд Махранзын, Зээгт наамлын, Шүтээн зургийн, Эрдэм итгэмжит, Олон бурхдын, Номын сангийн, Лавиран гэсэн 7 сүм багтдаг.

Богд энд өдөр бүр ирж, мөргөл бясалгалаа хийдэг байжээ. Энд бурхдын хөргүүдээс гадна түүний эдэлж хэрэглэж байсан шашны өмсгөл зүүсгэл хадгалагдан байдаг.

Богд хаан гурван ордонтой байжээ. Гунгаадэжидлин (Цагаан ордон), баруун талд нь Хайстай лаврин (Хүрэн ордон) тус тус байсан ба дунд нь Билгийг хөгжүүлэн бадруулагч хийд буюу төвдөөр Шаравпэлжээлин хийд гэх энэ ордон Туул голын хөвөөнд оршино. Ногоон вааран дээвэртэй байсан тул ард олны дунд Богдын ногоон ордон буюу Голын сүм, Дээд сүм гэх мэтээр нэрлэгджээ.

Харин 1961 оноос албан ёсоор Богд хааны ордон музей болж, үүд хаалгаа нээжээ. 8600 гаруй үзмэртэй уг музейг үзэхээр жилдээ 40 мянга гаруй зочид айлчилдаг. Уг музейн цогцолбор нь дээр дурдсан 7 сүм, Өвлийн ордон, Амгалан энхийн хаалга, Сэрүүн асар зэрэг 20 шахам байгууламжаас бүрдэнэ.

Зуны ордны хойхно талд нь хааны өвлийн ордон байрлах бөгөөд 2 давхар цагаан байшин нь европ маягийн хэв загвартай.

Уг ордныг 1903-1905 онд Оросын II Николай хааны бэлэглэсэн зураг төслийн дагуу Их хүрээн дэх Оросын консулын газраас эрхлэн буриад барилгачдаар бариулжээ. Энэ байшинд богд, хатан Дондогдуламын хамт 20 орчим жил өвлийн цагт амьдарч байв.Тэр үедээ буруу номтны байшин бариуллаа хэмээн шүүмжлэгдэж байсан тул дээврийг нь алтан ганжир зэргээр чимэглэж, хэл амыг дарж байсан гэдэг.

Ногоон ордныг хэд хэдэн удаа өргөтгөж, шинэ барилга байгууламжууд нэмж барьсан. Үүний нэг нь, Жавзандамбыг Богд хаант Монгол улсын эзэн хаанаар өргөмжилсөн түүхэн үйл явдалд зориулж, 1912-1919 онд Амгалан энхийн хаалгыг онь углуургын аргаар нэг ч хадаас оруулалгүй барьжээ. Хаалгыг Найман үндсэн тулгуур багана, долоон үетэй дээврээс бүрдэх уг хаалга нь хээ угалз, сийлбэр, амьтдын дүрс, дорно дахины үлгэр туужуудаас сэдэвлэсэн уран зургуудаар чимэглэгдсэн.

Мөн өвлийн ордны хажууд хувцасны сангийн барилга, богдын сүйх тэрэгний гараж байсан төдийгүй хааны тэжээдэг байсан зааны өвлийн байшин байсан байна.

Хаан хатны амьдарч байсан ирвэсийн арьсан хучлагат гэр, амарч тухалж байсан өрөөний эд хогшил, заларч байсан 25 давхар өндөр олбог, хааны өмсөж байсан алтан утаст луун хээт, булган дээл, хатны зүүж байсан 9 эрдэнийн гоёл чимэглэл нь дэлхийн хаана ч байхгүй ховор нандин, уран тансаг, агуу нүсэр ажээ.

М.Тунгалагтуяа