Монгол орны халуун рашаанууд

4 мин унших · May 24, 2022

Trip advice
Монгол орны халуун рашаанууд

Монгол орон 250 орчим анагаах увидастай нуур, рашаан, рашаантай төстэй харз булгуудтай. Эмчилгээний стандартад нийцдэг рашаан төст усны үелэл 30 шахам, эмчилгээнд тустай ус 10 шахам, 60 гаруй хүйтэн рашаан, 1 эмчилгээний халуун уур, 42 халуун рашаан байдаг.

Нийслэл Улаанбаатар хот, түүний ойр орчмын нутаг рашаан усаар баялаг. Яг хот дотроо л гэхэд 4-5 рашаан бий. Оргил, Улаанбаатар рашаануудыг түшиглэн байгуулсан сувиллуудад олон хүн хэвтэж эмчлүүлж байна. Хотын хойд хэсэгт Дондогдулам хатны нэрээр нэрлэгдсэн рашаан байдаг бол Богд хааны ордон музейн хашаан дотор Монголын сүүлчийн хааны ундаалж байсан рашаан бий. Хотын эргэн тойрны уул нуруудын рашаан уснуудыг хүмүүс эмчилгээний зориулалтаар хэрэглэсээр байгаа. Ингээд Монгол орны халуун рашаануудаас танилцуулъя.

Улаанбаатараас баруун зүгт засмал замаар 390км яваад Өвөрхангай аймгийн Хужирт суманд байх Хужиртын рашаанд очно. Энэ сувилал “Хөх сувд” хэмээх халуун рашаан, “Хар сувд” хэмээх эмчилгээний шавраараа алдартай. Хөх сувд халуун рашааны найрлагад натри, кали, кальци, хүхэрт ус төрөгч зэрэг хүний биед хэрэгтэй олон төрлийн эрдэс бодис агуулдаг. Энэхүү рашаан үе мөч, арьсны өвчин, ясны гэмтэл, эмэгтэйчүүдийн өвчинд тустай. Тус сувилал халуун рашаан, шаврын хавсарсан эмчилгээ хийхийн зэрэгцээ ардын эмчилгээ, физик эмчилгээ хийдэг.

Түүнээс цааш Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт өөр нэгэн алдартай рашаан байдаг. Тэр бол Улаанбаатараас 650км зайд байгаа Шаргалжуутын рашаан юм. 100 гаруй халуун рашаан Шаргалжуут гол руу түрж орсон боржин чулуунууд дундаас оргилон гардаг. Харилцан адилгүй хэмтэй халуун рашаанууд найрлага болоод эмчилгээний нөлөөгөөрөө ч өөр өөр байдаг юм. Бүр сонирхолтой нь, тус рашаан ямар өвчинд сайныг хажууд нь байгаа чулуугаар нь мэдэж болдог. Шүдний өвчинд сайн рашаан яг л шүд шиг хэлбэртэй чулуун дороос оргилон гарч байх жишээтэй. Тэнд рашаан бүр дээр тайлбар тавьсан байдаг. Анх очиж байгаа хэн ч гэсэн тайлбар болоод чулууны хэлбэрийг нь харьцуулан харах сонирхолтой зугаалга хийхгүй өнгөрнө гэж байхгүй. Эмчилгээний үр дүнг хэдэн мянган хүн өөрийн биеэр нотолчихсон учраас эргэлзэх хэрэггүй л дээ. Энд улсдаа томд тооцогдох сувилал 50 гаран жил үйл ажиллагаа явуулж, жил бүр олон зуун хүн эмчлүүлдэг билээ.

Одоо Улаанбаатараас зүүн зүгт Хэнтий аймгийн Батширээт сумын Ононгийн рашааныг танилцуулъя. Хоорондоо 8км зайтай рашааны голомтуудыг их, бага хэмээн ялгадаг ч хамтад нь Ононгийн рашаан хэмээн нэрлэдэг. Цельсийн 14-98 хэмтэй 24 ундрагатай. Ононгийн рашаан бол байгалийн үзэсгэлэнт тогтоцтой газар учраас аялж зугаалахад ч их тохиромжтой.

1960-аад оны үед тус рашааныг судлаад үе мөчний архаг хууч, мэдрэлийн элдэв өвчнийг анагаахад тустай гэдгийг тогтоожээ. 17-р зууны үед энэ газар 60 орчим маарамбатай (эмч лам) хийд байсан болоод ч тэрүү хүмүүс рашаанд орохдоо нэлээд ёс төртэй ханддаг. Юуны өмнө хуучин хийдийн дугана болон их бага овоонд мөргөж, газар усыг аргадан цагаан идээгээр тахилга өргөсний эцэст рашаан эмчилгээг эхлүүлдэг ёстой. Рашаанд орохдоо эхний өдөр 1, хоёр дах өдөр 2, маргааш нь 3, дараагийн өдөр нь 2, сүүлийн өдөр 1 гэх маягаар ордог. Энэ мэт журам дүрмүүдийг нь ягштал мөрдөх ёстой.

Халуун гэлтгүй рашаан бүрт эмчилгээний дүрэм журмууд байдаг. Мөн рашаан эмчилгээний дараа мөрдөх дэглэмийг сайтар баримтлах ёстой. Танд танилцуулсан рашаануудын эхний хоёрт нь улсын чанартай томоохон сувиллууд байдаг. Харин сүүлийнх нь орон нутгийн чанартай жижиг рашаан сувилал юм.

Монгол орны эмчилгээний стандартад нийцэхийг нь судлан тогтоосон 130 рашаанаас 20 гаруйд нь холбогдох эрүүл мэндийн байгууллагаас зөвшөөрөл олгосон эмнэлэг сувиллууд ажилладаг. Эдгээрээс Аварга тосон, Жанчивлан, Хужирт, Шаргалжуут, Оргил, Улаанбаатар гэсэн 6 томоохон рашаан сувилалд жил бүр 40 гаруй мянган хүн эмчлүүлж сувилуулдаг ажээ.

Г.Батнасан