3 мин унших · May 15, 2022
Эмнэг хангал адуу чадал мэдэн булгина. Урд хоёр хөлийнхөө завсар толгойгоо хавчуулан дөрвөн туурайгаараа газар онгичин булгих тэрээр нэн сүртэй харагдана. Зарим нэг нь шаралхсандаа дуу алдан чарлах нь ч бий. Учир нь түүний нуруунд өдий хүртэл салхинаас өөр юу ч гарч үзээгүй атал өнөөдөр малчин эзэн нь түрэмгийлэн мордсон хэрэг. Тиймээс л энэ үйлдлийг хүлээн зөвшөөрч чадахгүй эсэргүүцэн тэмцэж байгаа энэ ажээ. “Чи тогтож чаддаг бол би унагаж чадна” хэмээн адуу бодож байж ч болох юм.
“Эмнэг адууны нуруунд нэгэнт л гарсан бол нүдээ огт аниж болохгүй. Айж сандарч, биеэ чангалахгүй байхыг хичээ. Чи хэдий чинээ айна, төдий чинээ чамайг элэг барина” Энэ бол эмнэг булгиулж буй монгол хүний энгийн л дүрэм. Адуу гэдэг бусад малаа бодвол маш мэдрэмтгий, гярхай амьтан тул тэрээр маш сайн мэдэрдэг. Та хэдий тусдаа амь ч гэлээ нэгэнт мордсон бол адуутайгаа нэгэн бие болж буй мэт төсөөлөх шаардлагатай байдаг юм.
Хүн төрөлхтөн 10000 жилийн өмнөөс адууг гаршуулан адгуулж иржээ. Монголчуудын адуутай нөхөрлөж ирсэн түүх ч үүнээс хол зөрөхгүй. Нүүдэлчин соёлыг өнөө хүртэл тээж яваа XXI зууны сүүлийн нүүдэлчдийн хувьд таван хошуу мал, түүний дотроос адуутай харин ч илүү дотно, илүү нандин харилцаатай, анд нөхөр мэт байдаг гэж болно. Тэд бие биенээ андахгүй. Гэхдээ адуу эхээс төрөхдөө л номхон дөлгөөн төрж, хүний санааны зоргоор хүссэн бүхнийг биелүүлэгч, эдэлгээ уналгаанд хэзээний л сурчихсан байдаг уу гэвэл үгүй юм. Тийм ч учраас түүнийг уналга эдэлгээнд сургадаг.
Эмнэг сургах нь нэг талаасаа олон жилийн уламжлалтай өв соёл, малчин түмний амьдралын хэв маяг, өдөр тутмын хэрэгцээнээс үүссэн эрдэм юм. Харин нөгөө талаасаа онгон дураар амьдрах гэсэн эрх чөлөөний төлөөх тэмцэл гэж хэлж болно. Энэ тэмцэлд “Эзэн нь хэн бэ” гэсэн эрхшээлийн хууль үйлчилдэг ганцхан асуултын хариулт гарах ажээ.
Дээр хэлсэнчлэн, эмнэг сургах нь малчин хүний ажил мэргэжлийн нэгэн эрдэм юм. Эмнэг сургаж чадахгүй, энэ эрдмийг өвлөөгүй хүнийг малчин гэхэд хүндрэлтэй. Энэ талаасаа малчин хүний нэр төрийн хэрэг ч гэж хэлж болно. Хэрвээ та Монголд, эмнэг булгиулж буй хүнийг харах бол эгэл жирийн үзэгдэл билээ. Хамгийн сонин нь нас насны эрчүүд (хүүхэд, том хүн) үүнийг эгээ л эхээс төрөхдөө л чаддаг мэт хийх ажээ.
Эмнэг хангалын нуруунд “ургасан юм уу” гэмээр тогтож байгаа хүнийг харах үнэхээр бахдалтай. Энэ төрлийн эрдмээрээ уралдаж наадах нь ч бий. Ганцхан монголоор тогтохгүй газар газрын мал аж ахуй эрхлэгсэд эмнэг булгиулан уралддаг. Харин монголчуудын хувьд энэ тэмцээний төгсгөлийн үр дүн нь тэс өөр. Тухайн адгуус (адуу, үхэр, тэмээ, сарлаг) малчин эзнийгээ “Чи миний эзэн мөн” хэмээн хүлээн зөвшөөрдөгт оршино. Энэ бол байгалийн жам юм.
Гэхдээ монголчууд “Би эзэн нь” гээд харгис хэрцгий ханддаггүй бөгөөд харин ч эрхэмлэн дээдэлж, хүндэтгэлтэй хандсаар өдгөө хүржээ. Тэр бүү хэл адууг хийморьтой тэнгэрлэг амьтан хэмээн тахин шүтэж ирсэн байдаг. Үүний бэлгэдэлээс хоёрхон жишээ хэлэхэд: нэгт, адууг төрийнхөө сүлдэнд залсан байдаг. Хоёрт, үндэсний хөгжмийн гол зэмсгийг морих хуур хэмээн нэрлэж морин толгойг хуурынхаа оройд урласан байх жишээтэй.
Нэгэн цагт адуу нь Монголд төдийгүй дэлхий дахинаа хамгийн хурдан унаа байсан цаг саяхан. Тиймээс ч адуу нь монголчуудын хайр хүндэтгэлийн дээдийг хүлээдэг буй заа.
Тиймээ, монголчууд бид адууны эзэн нь мөн. Гэхдээ адуугүй бол монголчууд бид монгол биш болно. Одоо ч гэсэн Монголын уудам нутагт малчин түмэн эмнэгээ сургасаар... Монголын хээр талд адуу тургилсаар ажгуу...
Т.Бум-Эрдэнэ